Баяртогтохын Батрэгзэдмаа

Уран зохиол сонирхогчдод

Б. Батрэгзэдмаа: Хүмүүнлэг гэдэг үг эрх мэдэлтнүүдийн үгийн санд байхгүй байна

2008-10-03 15:39
-Ойрын үед ямар  уран бүтээл хийж байна вэ?

-УДЭТ-ын жүжигчин Эрдэ­нэцэцэг, Энхтуул нарын захиалгаар нэг жү­жиг бичиж байгаа. “Дэл­хийн монголчууд”сан, сэт­гүүл, энтертайментийн ажлыг хийж байна.

-Сангийн захирал бол­­сон гэж ойлгож болох нь ээ?

-Энтертайментийнх нь захирал. Энэ бүх ажлууд эхэлж л байгаа юм.

-Манай нийгмээс хү­мүүнлэг энэрэнгүй үзэл хэр ханхалж байна вэ?

-Нийгэм хөдөлгөөнд ор­чихсон болохоор хүмүү­сийн зан чанар аж амьд­ралын төрхөнд сонин хувьсал явагдаж байгаа. Монголчууд нүүдэлчдийн уламжлалт сэтгэлгээтэй. Уламжлал дээр тул­гуурласан энэрэл нигүүл­сэл гэдэг утга нийгмийн үйл явцад хаягдаж гээгдэх байдал бий болсон. Бид чинь хамгийн уучламтгай ,энэрэнгүй хүмүүс.

Энэ бол нүүдэлчдийн сэтгэл­гээний онцлог. Хөгжил рүү тэмүүлэх гэж буй энэ үйл явц нь бидний байгалийн гайхамшигтай мөн ча­нарт дайсагнал бий болгож байна уу гэж харагддаг. Ботгоо голсон ингийг хүртэл уяруулж хайлуул­даг, байгалийн хэлтэй, амьд харьцаатай ард түмэн. Одоо энэ бүхэн зарим тал дээр үзэшгүй аймшигт гэмт хэрэг, хүний санаанд оромгүй үйл явд­лууд гарч ирээд жингийн тавагны хоёр тал дээр хүч­тэй хөдөлгөөн дунд байна.

-Монгол Улсын Үнд­сэн хуульд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гэсэн байдаг. Энэ талаар?

-Хүмүүнлэг нийгэм гэдгийн тухайд юу ч хий­гээгүй. Зах зээл мөнгөний тухай л ярина уу гэхээс хүмүүнлэг гэдэг үг эрх мэдэлтнүүдийн хэллэгт байхгүй  байна. Хотод хө­дөөнөөс олон хүн ирж байна. Хөдөөгийнхнөө соёлгүй бүдүүлэг гэж ял­гаварлах маягтай хүлээж авдаг, ярьдаг болсон. Тэгвэл юу бүдүүлэг вэ. Амьдрахын эрхэнд гал түлээд нүүрс шатааж байгаа хүмүүс үү, ард түмний баялагийг хана­хаа мэдэхгүй идэж байгаа хүмүүсийг ариун цэвэрч гэх үү. Энэрэл нигүүлсэл гэдгийг тэр хөдөөнөөс орж ирж байгаа хамгийн ууч, дөлгөөн ард түмний урсгалаас сурах хэрэгтэй.

-МУЗН-ийн талаархи таны ойлголт?

-Дэлхийн хамгийн хүнд ширүүн газарт Улаан за­гал­май нийгэмлэгийн тус­ламж хүрч очдог. Хүнийг хүнийх нь үүднээс хардаг, хүмүүнлэгийн байгуул­лага гэдгээр нь мэднэ. Хамгийн гол нь хүнийг хүний зэрэгтэй амьдрах ухагдахууныг, нийгмийг эрүүлжүүлэх үзэл санааг хүн бүрт суулгаж өгөөсэй. Тэр тусмаа улстөрийн албан тушаалтан, биз­нес­мэнүүдэд энэрэнгүй үзлийн ухагдахуун хүчтэй суух ёстой гэж үздэг.

-Хүн хүнээ хайрлахын тухайд та юу бодож байна вэ?

-Амьдын ертөнцөд хүн ганц нэгээрээ биш ол­ноороо амьдралыг туул­даг. Бие биеэ ойлгох чад­вар нь хүний сэтгэлийн тайван байдал, аз жар­галын мөн чанар нь болох ёстой. Өөрийгөө хайрлаж чадна гэдэг том ухаан гэж боддог. Тэр ухаан нь эргээд дэргэдэ­хээ хайрлах ухаан болж ирдэг. Өөрийн зовлонг таньж чадсан хүн бусдын зовлонг таньж чаддаг.

Хүн хүнээрээ баялаг хийж амьдрах ёстой юм байна гэж бодож байна. Үхэ­хийн цагт мянган эд хөрөнгө байлаа ч босч ирж нулимс арчихгүй. Гэтэл нэг удаа ч баярла­лаа гэж хэлж чадаагүй хүнээ сүүлчийн замд нь гарыг нь атгаад гашуудан суух ч үе тохиолддог л шүү дээ.

-Биднийг бэлэнчлэх сэтгэлгээтэй гэж ярь­даг. Таныхаар?

-Бэлэнчлэх сэтгэлгээ нь урд нийгмийн халж гээгээгүй зан чанар л явж байгаа. Нэг талаас хара­хад хүний өмнөөс амь­дарч буй мэт алгаа тосог­сод олон болсон. Нөгөө та­лаас хэт ядуурал гэдэг хүний оюун ухааныг тэрч­лэн сэтгэл зүрхийг нь ч тонодог. Тоногдсон сэтгэл гэдэг сэглэгдсэн гэсэн үг. Ийм байдалд хүний гэхээ­сээ амьтны зөн нь давам­гайлж өнөөдрөө л, хоолоо л бодоход хүрдэг.

Амьтны зөнтэй болоод ирэхээр тусламжийг юу ч бодохгүй авна. Нийгэм хүмүүсийг ингэж сүрэг сүргээр нь доройтуулж болохгүй юм л даа. Ядууралд тоногд­сон хүн гээч амьтан бол яг л дайсан болж хувирна. Тэгэхээр гадна дотнын тусламж сайхан ч өнөөд­рийн гурил будаанаас илүү оюунд нь тэжээл өгөх хэрэгтэй. Мэдээж гарцаа­гүй ийм тусламжийг авах ёстой хүмүүс олон байна шүү дээ.

-Ийм гажуудал яавал засрах бол?

-Үүнийг засахын тулд бөөнөөр нь хүмүүсийг ядууралд түлхэж буй сэтгэлийн гажуудал руу явж очих хэрэгтэй. Гэвч өлсч буй хүнд мянган сайхан үг хэлээд яах юм бэ. Зуданд нэрвэгдсэн малд өвс аваачиж өгдөг шиг нийтээр нь ядуурлын зудад түлхчихвэл зөвхөн ходоодтой л ярих асуу­дал үлдэнэ. Өлсгөлөн ходоодтой ярих, тэр байдалд унахаас өмнө хүний амьд утгаа мэдрэх орон зайг нь бэлтгэх хэрэгтэй гэж бодож байна.

-Таны уран бүтээлд хүмүүнлэгийн ойлголт хэр тусгагдсан байдаг вэ?

-Уран зохиолын үндсэн мөн чанар бол энэрэнгүй хүмүүнлэг үзэл л гол тулгуур нь байдаг шүү дээ. Ерөөсөө нийгэм болон хүмүүсийн харилцаанд байгаа хөгжилтэй талыг уудалж, энэрэл нигүүлсэ­лийг хүний уураг тархи, зүрх сэтгэлд суулгахын төлөө уран бүтээлч ч уран бүтээлч явах ёстой.

-Таныхаар олны таних хүмүүсээс хэнийг хамгийн нигүүлсэнгүй гэж хэлэх вэ?

-Мэдээж олон л хүн байгаа даа. Надад их ойрхон байгаа нь зо­хиолч Д.Урианхай гуай санагдаж байна.Өөрийнх нь ертөнцийг үзэх үзэл хүртэл таалагд­даг. Алдар нэр, хөрөнгө мөнгөнөөс татгалзаж чадсан. Өнөөгийн нийг­мийг харгис байна, ийм учраас төрөөс шагнал авахгүй. Ард түмнээ хайр­ладаг төр засгаас шагнал авна гэж шийдвэртэй үзсэн. Энэ цагийн буран­гуй байдлыг эсэргүүцэж, ганц хүний хөдөлгөөн хүртэл байгуулсан. Энэ зоримог үзэл санаа нь энэрэнгүй хүний мөн чанар, дүр зургийг үзүүлдэг. Энэ ч утгаараа Монголд хүмүүнлэг, эрс шийдэмгий бодол санааг тулгаж байгаа хүн гэж боддог. Хувь хүний энэ тэмцэл нь хүртэл надад гайхалтай санагддаг.
Ангилал : Миний тухай | Нийтэлсэн : Б. Батрэгзэдмаа | Уншсан (249) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.