-Та одоо юу хийж байна?
-Гэрт нэг роман бичиж байгаа. Сая Хувьсал продакшний захиалгаар залуучуудад зориулсан “Миний хайрыг хүлээ” нэртэй жүжиг бичлээ.
-Захиалгаар зохиол бичих хэцүү юу?
-Ерээд оноос хойш утга зохиолд орсон залуус бид мэргэжлийн зохиолчийн хэмжээнд хүрсэн гэж үзэж байна. Тиймээс тодорхой хүмүүст зориулсан зохиолыг бичихгүй байх арга алга. Нийгмээс, залуучуудаас захиалж байна. Гэхдээ захиалгын зохиол бичнэ гэдэг их хүнд. Зохиогчийн оюун санаанд бүтсэн зохиол бичихэд өөрт их амар байдаг. Захиалгын зохиол гэдэг бол яг үнэндээ буу тулгаж байгаа юм шиг л байдаг. Гэхдээ энэ жүжгийн хувьд Хувьсал продакшнаас “залуучуудад зориулсан” гэдэг үгийг л хэлсэн. Түүнээс тийм жүжигчин, тэр дүрд нь гэж захиалаагүй. Өнөөгийн нийгэмд залуусын амьдралын талаар бичихгүй байж болохгүй гэдэг үүднээс бичсэн.
-Захиалгагүй тохиолдолд Батрэгзэдмаа зохиолдоо энэ нийгмийг яаж дүрслэх бол?
-Өөрийн бичсэн зохиолууд ширээн дээр байна. Тэд маань нийгэмд захиалга болоод ирж чадахгүй байна. Яагаад гэхээр, драмын урлаг гэдэг хүнд урлаг. Ном шиг шууд аваад уншчихдаггүй. Мөнгө зарцуулдаг, хөдөлмөр зарцуулдаг. Хийж байгаа хүмүүс нь ашиг орлоготой ажиллахыг хүсдэг. Тийм учраас миний бичсэн зарим зохиолууд тайзан дээр гараагүй. Миний “Хаалганы өмнө” жүжгийн зохиол маань нээгдээд л, хаагдсан. Тиймээс ширээн дээр байгаа зохиолуудыг маань яг тийм хувь тавилан хүлээж байгаа байх. Нийгмийн өнөөгийн байдал тийм бүтээлийг үзэгчдэд хүргэх боломжгүй болгож байна.
-Жүжгийн зохиол бичнэ гэдэг бусад уран бүтээлийн жанруудаас өөр үү?
-Бүгд л хүний оюун санаанаас гарч байгаа. Ганцхан бичлэгийнхээ хувьд өөр. Жүжгийн зохиол гэдэг диалогоор орчин, ертөнцийг тодорхойлдог. Жанрынхаа хувьд бол хүнд төрөл. Шүлэг гэхэд л нэг удаагийн сэтгэл хөдлөлөөр бичдэг бол, жүжиг гэдэг маш удаан хугацааны бодомж, философи байдаг.
-Таны зохиол таны дотоод ертөнц үү, эсвэл нийгмийн захиалга уу?
-Ер нь бол зохиолч өөрийнхөө дал, наян хувийг бичдэг гэж ярьдаг л даа. Тэр үнэн байх гэж боддог.
-Та жүжгийн зохиолынхоо аль талын дүр байдаг вэ?
-Тийм зүйл байхгүй л дээ. Зохиол бол хүмүүс тухайн өгөгдсөн асуудлаас хэрхэн гарахав гэдэг бодлого байдаг. Тиймээс тэр бодлогын үүднээс бичнэ. Ер нь энэ дүр бол би юмаа гэж зохиолыг бичиж байгаагүй юм байна.
-“Дулмаа бол би. Энэ тохиолдолд би нөхцөл байдлаас ингэж гарна” гэж боддог юм байх гэж бодохгүй юу?
-Зохиолч хүн амьдралыг хөндлөнгөөс хараад сурчихдаг. Тодорхой нөхцөл байдлуудад хүмүүсийн асуудалд хандаж байгаа олон олон хандлагуудыг зохиолынхоо утгат тохируулж, аль ашигтайг нь авч бичдэг.
-Таны зохиол дахь сексийн хандлага?
-Харилцаа гэдэг бүхэлдээ секс юм. Махбодын гэж байна, оюун санааны гэж байна. Сэтгэл зүрхний гэж байна. Энэ бүхэн бүгдээрээ л бид бүхний секс гэж боддогтой нэг мөн чанартай. Хүнд аймшигтайгаар уурлана гэдэг нөгөө талаасаа тачаадаж байгаагийн хэлбэр байдаг. Тийм болохоор тэрийг нэг талдаа секс ч гэж хэлж болохоор. Маш их уурлаж, бухимдах, тэр хүнийг хазахаас ч буцахгүй байдалд орох гэдэг чинь секс. Ер нь бол би сексийг хөдлөл гэж боддог учраас энэ бол бүхий л хэлбэрт байдаг зүйл. Физиологийн хувьд биемахбодын шүргэлцээн гэдгээсээ нэг өөр, үг хэлний шүргэлцээн гээд энэ бүгд хоорондоо нэг их өөр асуудлууд биш л дээ. Би хүний харилцаа бүхэн байгалийн инстинктэн дээрээс үүдэлтэй гэж боддог.
-Сонирхолтой л юм. Уурыг тачаалтай зүйрлэж байгааг анх удаа л сонслоо.
-Эрос гэж ярьдаг даа. Хүмүүсийн харилцаа бол бэлгийн чанартай байдаг. Эр эм бэлгийн харилцаа, эр эм хүмүүсийн хоорондын харилцаа өөр, хоёр эмэгтэй хүмүүсийн харилцаа бас өөр. Амьдрал өөрөө бүхэлдээ тийм эрос шинжин дээр тогтдог. Тийм учраас жүжгийн зохиолд ч гэсэн бүхэлдээ тийм дүр зураг бууж байдаг. Тэрийг би махбодын гэдгээс арай өөрөөр үзэж байна л даа.
-Хүн ямар үед төгс байдаг юм бэ?
-Үхэх үед л төгс байдаг. Өөр... мэдэхгүй ээ. Хүн үхэх үедээ л төгс байдаг гэж би боддог. Сүнсээ мэдэрдэг ч юм уу, эрх чөлөөгөө бүрэн ойлголтоор нь мэдэрдэг ч юм уу? Үхэх агшин бол дур тачаалын дээд цэг гэж хэлсэн үг ч байдаг.
-Таны яриаг уншсан хүн “энэ эмэгтэй ямар тачаангуй хүн бол оо” гэж бодох байх?
-Би чамд хэлсэн шүү дээ. Тачаал гэдэг чинь үнсэлдэж, үнгэлдэх гэхээсээ илүү харилцаа. Хүнтэй харилцана гэдэг ямар нэгэн тачаалд хүрч байна аа л гэсэн үг. Тэр тачаалын хэлбэрийг заавал эр эмийн гэдэг утган дээр аваачиж тавихгүй. Чамтай ярихыг хүснэ, хүсэл төрнө гэдэг бол тэр л хэлбэр. Одоо манайхны үгийг тэр чигээр нь ойлгож, нэг сэтгэлгээгээр харна гэдэг их буруу. Үг өөрөө амьтай, хөдөлгөөнтэй зүйл. Маш олон талт хэлбэртэй. Жишээлэхэд л “сайн уу” гэдэг үгийг уур бухимдлаар, үзэн ядалтаар гээд янз бүрийн хэлбэрээр хэлж болдог. Үхэхийнхээ өмнө “сайн уу” гэж хэн нэгэнтэй ч юм уу, бурхантай ч мэндэлж болно. Үг гэдэг цаг хугацаа, орон зайн дотор өөрийнхөөрөө биежиж байдаг. Хүмүүс яадаг вэ гэхээр, секс гэхээр шууд махбодынхоор ойлгодог. Энэ нь оюун санааны бүтээл туурвидаг бидэнд маш хүчтэй цохилт болдог. Ямар сайндаа одоо тачаангуй эмэгтэй болж хувирах нь байна шүү дээ. Үгийг зохиолчид өөрсдийнхөө ертөнцөд хүлээж авдаг. Аливаа зүйлийг хэтэрхий бодит байдлаар тусгаад ирэхээр хүмүүсийн харьцаа явцуу болж байдаг, тийм байдлаас яавч олигтой зүйл гардаггүй. Хүмүүс мөхөл руугаа л явдаг. Зохиолчид бол үүнээс өөр зүйл рүү тэмүүлж байдаг учраас оюун санааны амьдрал нь арай өөр байдаг.
-Таны ширээний зохиол хэзээ хүмүүст хүрэх вэ?
-Мэдэхгүй байна. Хүрэхгүйгээр ч үрэгдэж болох юм. Миний “Далавчтай эх” гэдэг зохиол байдаг. Их хүнд зохиол. Энэ зохиол дээр би өөртөө итгэлтэй байж чадна. Драмын жүжгийн зохиолын урлагт нилээн өөр зүйл хийсэн. Гэхдээ одоо бол надаас өөр уншигчгүй, надаас өөр үзэгчгүй ширээн дээр хэвтэж байна. Бүх юмыг нэг л утгаар ойлгодог тэр байдал үргэлжлээд л байвал тэр зохиол ширээн дээр үхнэ. Хэзээ нэгэн цагт арай өөр, оюунлаг амьдрал руу чиглэвэл тэр зохиол тавигдах л байх.
-Та ямар үедээ жаргалтай байдаг вэ?
-Зохиол бичиж байх үед ч бас жаргалтай байдаг шүү.
-Гунигтай зохиол бичвэл?
-Зохиол бичнэ гэдэг чинь бодит ертөнцөөс гарчихаж байна гэсэн үг л дээ.
-Нэг зохиолд орчихлоо гэхэд үргэлж л түүнийгээ бодож байдаг уу?
-Мэдээж сэтгэлдээ тээж л байна. Гэхдээ цаг ямагт хүн нэг юмыг бодох чадваргүй шдээ. Хүн хоол иднэ, цай ууна. Хөндлөнгөөс “хөөш чи” гэхэд хүртэл анхаарал сарнина.
-Ямар үед онгод орох вэ?
-Мэдэхгүй ээ... бурхан толгой дээр цагираг авчираад тавьчихсан үед юм болов уу?
-Бурханд итгэдэг үү?
-Би оюун ухаанд итгэдэг учраас итгэнэ. Энэ бол оюуны амьдрал. Бурхан гэдэг чинь бүтээгчийн тухай ойлголт шүү дээ. Би өөрийгөө барьж босгоогүй гэдэг үнэн үү? Миний гар энэ байна, миний хөл энд байна, би зүрхээ эндээ хийчихье гээд. Тэгэхээр энэ бүхнийг бүтээдэг ямар нэгэн хөдлөл байна аа даа? Тийм оршихуй байна. Тэгэхээр би түүнд итгэхээс өөр аргагүй. Хүн гэдэг чинь хар нүдэндээ л итгэдэг тийм хөгийн амьтан шүү дээ.
-Бүтээгч гээд яриад байх чинь. Христийнхэн шиг?
-Тээр. Дахиад нөгөө үгээ хөөцөлдөж байна. Бүтээгч гэдэг чинь хэвлий дотор үр бүтэхийг бүтээх гэдэг үгээр ярина биз дээ. Үгийг нэг үгээр л хүлээж авахыг болих хэрэгтэй л дээ.
-За за больё. Та цаг хугацааны талаар өөрийн бодлоо яриач?
-Цаг хугацаа гэдэг асар том ойлголт. Гётегийн нэг үгэнд би их хайртай. “Цаг хугацаа чи зогсооч” гэж. Мөнхийн ойлголтын эсрэг дуугарна гэдэг том сэтгэлгээ л дээ. Юутай ч би одоо амьд цаг хугацаанд байна. Үхсэний дараа үхлийн цаг хугацааг мэдрэх байх. “Хаалганы өмнө” зохиолдоо би цаг хугацааны талаар тусгасан. Бид өдөр бүхэн төрж, өдөр бүхэн үхдэг. Тийм болохоор үхэл бол үргэлж танил гэж санагддаг.
-Монгол гэдэг бусдаас сайхан сэтгэл гэдгээр ялгардаг шиг санагддаг.
-Аливаа юмыг олон талаас нь харах тусам сайхан сэтгэл өөрөө бүтэж байдаг. Юмыг нэг л талаас нь хараад байвал тэр дандаа сүйрэл рүү хөтөлж байдаг. Энэ муу хүн гэж хараад байвал тэр муу л хүн. Гэтэл ертөнц дээр муу хүн гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр манай монгол хүмүүс хүнийг хүндэлж хардаг байхгүй юу. Тэр том газар нутагт амьдардаг. Хүн ховор явдаг. Тэгээд уулзалдахаараа бие биенийгээ “хүн ирлээ” гэж хүлээж авдаг учраас хүмүүсийн харилцаа гарч ирдэг. Тиймээс бие биенээ хүндлэх сэтгэлүүд төрж байдаг. Одоо бол байдал өөр болж л дээ. Хэт их хүний бөөгнөрөл бас нөгөө талдаа хүмүүсийг зүгээр нэг эд бараа хардагтай адилхан тийм байдал руу түлхэж байна. Монгол хүн яагаад сайхан сэтгэлтэй байдаг вэ гэхээр ийм том уудам газар нутагт цөөхүүлээ амьдардаг учраас шүү дээ. Энэ нийгэм өөрөө хүний сайхан чанарыг тээрэмдэн үгүй хийж байна.
-Хайр гэж юу юм бэ?
-Би энэ зохиолдоо хайр гэдгийг ойлгохоо байчихсан тухай бичсэн. Энэ үе хайр гэдгийг ерөөсөө ойлгохоо больчихсон. Хайрлах гэдэг жижүүрийн ойлголт болчихжээ. Бидний дээд ойлголтоор бодож явдаг хайр гэдэг зүйл өнөөдөр балчигт уначихаж. Зарим тохиолдолд бие биенийхээ нэрийг мэдэж амжаагүй хирнээ л бэлгийн ажил хийгээд явж байна. Залуучууд шөнийн амьдралтай болсон байна. Хүн оюунлаг шинжээсээ гарч, бие махбодын араатны шинж рүүгээ хэт орж байна.
-Таныг залуу байхад таны ахмад үеийнхэн бас ингэж ярьж байсан болов уу?
-Тэгээгүй. Одоо бол хөгжлийн төлөө хөгжил яваад байна. Өндөр байшин, эд материалын төлөөх тэмцэл урьд урьдынхаас илүү их эрчтэй байдаг болж. Тийм болохоор энэ үеийн залуус нийгмийн энэ эмгэнэлт жүжгэнд орж байна. Эд мөнгөний төлөө, хэдхэн минутын дур тачаалын төлөө амьдралынхаа гол ойлтголтыг тулгачихсан. Хөгжлийн төлөөх ийм өлсгөлөн хүмүүсийг оюун санааны болоод зүрх сэтгэлийн эмгэнэлт байдалд оруулж байна.
-Та цаашид юу хийе гэж төлөвлөж байна?
-Зохиолоос түр холдож байгаа. Дэлхийн монголчууд гээд олон ангитай баримтат киноны ажилд орсон. Дэлхий дээр амьдарч байгаа бүхий л монголчууд дээрээ очино. Тэд маань биднийг сайхан хүлээж авна гэдэгт итгэлтэй байгаа.
-Таны ажилд амжилт хүсье.
-Баярлалаа. Танай хамт олонд ч бас ажлын амжилт хүсье.
Ярилцсан О.Ариунбилэг
-УДЭТ-ын жүжигчин Эрдэнэцэцэг, Энхтуул нарын захиалгаар нэг жүжиг бичиж байгаа. “Дэлхийн монголчууд”сан, сэтгүүл, энтертайментийн ажлыг хийж байна.
-Сангийн захирал болсон гэж ойлгож болох нь ээ?
-Энтертайментийнх нь захирал. Энэ бүх ажлууд эхэлж л байгаа юм.
-Манай нийгмээс хүмүүнлэг энэрэнгүй үзэл хэр ханхалж байна вэ?
-Нийгэм хөдөлгөөнд орчихсон болохоор хүмүүсийн зан чанар аж амьдралын төрхөнд сонин хувьсал явагдаж байгаа. Монголчууд нүүдэлчдийн уламжлалт сэтгэлгээтэй. Уламжлал дээр тулгуурласан энэрэл нигүүлсэл гэдэг утга нийгмийн үйл явцад хаягдаж гээгдэх байдал бий болсон. Бид чинь хамгийн уучламтгай ,энэрэнгүй хүмүүс.
Энэ бол нүүдэлчдийн сэтгэлгээний онцлог. Хөгжил рүү тэмүүлэх гэж буй энэ үйл явц нь бидний байгалийн гайхамшигтай мөн чанарт дайсагнал бий болгож байна уу гэж харагддаг. Ботгоо голсон ингийг хүртэл уяруулж хайлуулдаг, байгалийн хэлтэй, амьд харьцаатай ард түмэн. Одоо энэ бүхэн зарим тал дээр үзэшгүй аймшигт гэмт хэрэг, хүний санаанд оромгүй үйл явдлууд гарч ирээд жингийн тавагны хоёр тал дээр хүчтэй хөдөлгөөн дунд байна.
-Монгол Улсын Үндсэн хуульд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гэсэн байдаг. Энэ талаар?
-Хүмүүнлэг нийгэм гэдгийн тухайд юу ч хийгээгүй. Зах зээл мөнгөний тухай л ярина уу гэхээс хүмүүнлэг гэдэг үг эрх мэдэлтнүүдийн хэллэгт байхгүй байна. Хотод хөдөөнөөс олон хүн ирж байна. Хөдөөгийнхнөө соёлгүй бүдүүлэг гэж ялгаварлах маягтай хүлээж авдаг, ярьдаг болсон. Тэгвэл юу бүдүүлэг вэ. Амьдрахын эрхэнд гал түлээд нүүрс шатааж байгаа хүмүүс үү, ард түмний баялагийг ханахаа мэдэхгүй идэж байгаа хүмүүсийг ариун цэвэрч гэх үү. Энэрэл нигүүлсэл гэдгийг тэр хөдөөнөөс орж ирж байгаа хамгийн ууч, дөлгөөн ард түмний урсгалаас сурах хэрэгтэй.
-МУЗН-ийн талаархи таны ойлголт?
-Дэлхийн хамгийн хүнд ширүүн газарт Улаан загалмай нийгэмлэгийн тусламж хүрч очдог. Хүнийг хүнийх нь үүднээс хардаг, хүмүүнлэгийн байгууллага гэдгээр нь мэднэ. Хамгийн гол нь хүнийг хүний зэрэгтэй амьдрах ухагдахууныг, нийгмийг эрүүлжүүлэх үзэл санааг хүн бүрт суулгаж өгөөсэй. Тэр тусмаа улстөрийн албан тушаалтан, бизнесмэнүүдэд энэрэнгүй үзлийн ухагдахуун хүчтэй суух ёстой гэж үздэг.
-Хүн хүнээ хайрлахын тухайд та юу бодож байна вэ?
-Амьдын ертөнцөд хүн ганц нэгээрээ биш олноороо амьдралыг туулдаг. Бие биеэ ойлгох чадвар нь хүний сэтгэлийн тайван байдал, аз жаргалын мөн чанар нь болох ёстой. Өөрийгөө хайрлаж чадна гэдэг том ухаан гэж боддог. Тэр ухаан нь эргээд дэргэдэхээ хайрлах ухаан болж ирдэг. Өөрийн зовлонг таньж чадсан хүн бусдын зовлонг таньж чаддаг.
Хүн хүнээрээ баялаг хийж амьдрах ёстой юм байна гэж бодож байна. Үхэхийн цагт мянган эд хөрөнгө байлаа ч босч ирж нулимс арчихгүй. Гэтэл нэг удаа ч баярлалаа гэж хэлж чадаагүй хүнээ сүүлчийн замд нь гарыг нь атгаад гашуудан суух ч үе тохиолддог л шүү дээ.
-Биднийг бэлэнчлэх сэтгэлгээтэй гэж ярьдаг. Таныхаар?
-Бэлэнчлэх сэтгэлгээ нь урд нийгмийн халж гээгээгүй зан чанар л явж байгаа. Нэг талаас харахад хүний өмнөөс амьдарч буй мэт алгаа тосогсод олон болсон. Нөгөө талаас хэт ядуурал гэдэг хүний оюун ухааныг тэрчлэн сэтгэл зүрхийг нь ч тонодог. Тоногдсон сэтгэл гэдэг сэглэгдсэн гэсэн үг. Ийм байдалд хүний гэхээсээ амьтны зөн нь давамгайлж өнөөдрөө л, хоолоо л бодоход хүрдэг.
Амьтны зөнтэй болоод ирэхээр тусламжийг юу ч бодохгүй авна. Нийгэм хүмүүсийг ингэж сүрэг сүргээр нь доройтуулж болохгүй юм л даа. Ядууралд тоногдсон хүн гээч амьтан бол яг л дайсан болж хувирна. Тэгэхээр гадна дотнын тусламж сайхан ч өнөөдрийн гурил будаанаас илүү оюунд нь тэжээл өгөх хэрэгтэй. Мэдээж гарцаагүй ийм тусламжийг авах ёстой хүмүүс олон байна шүү дээ.
-Ийм гажуудал яавал засрах бол?
-Үүнийг засахын тулд бөөнөөр нь хүмүүсийг ядууралд түлхэж буй сэтгэлийн гажуудал руу явж очих хэрэгтэй. Гэвч өлсч буй хүнд мянган сайхан үг хэлээд яах юм бэ. Зуданд нэрвэгдсэн малд өвс аваачиж өгдөг шиг нийтээр нь ядуурлын зудад түлхчихвэл зөвхөн ходоодтой л ярих асуудал үлдэнэ. Өлсгөлөн ходоодтой ярих, тэр байдалд унахаас өмнө хүний амьд утгаа мэдрэх орон зайг нь бэлтгэх хэрэгтэй гэж бодож байна.
-Таны уран бүтээлд хүмүүнлэгийн ойлголт хэр тусгагдсан байдаг вэ?
-Уран зохиолын үндсэн мөн чанар бол энэрэнгүй хүмүүнлэг үзэл л гол тулгуур нь байдаг шүү дээ. Ерөөсөө нийгэм болон хүмүүсийн харилцаанд байгаа хөгжилтэй талыг уудалж, энэрэл нигүүлсэлийг хүний уураг тархи, зүрх сэтгэлд суулгахын төлөө уран бүтээлч ч уран бүтээлч явах ёстой.
-Таныхаар олны таних хүмүүсээс хэнийг хамгийн нигүүлсэнгүй гэж хэлэх вэ?